Thursday, December 16, 2010

Сайтуудын ”Сэтгэгдэл” хэмээх дайсан

Эх сурвалж: news.mn
1 цаг 47 минутын өмнө
Нэгэн түр журам гарч, энэ оны арванхоёрдугаар са­рын 1-нээс хэрэг­жиж эхэл­сэн ажээ. Энэ бол Харил­цаа хол­бооны зохицуулах хороо­ноос гар­гасан “Харилцаа хол­бооны сүлжээгээр вэб сайтын үйл­чилгээг эрхлэхэд баримтлах түр журам” юм. “УИХ-ын 2010 оны 48 дугаар тогтоолын хавс­ралтаар батлагдсан Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалын болон Монгол Улсын Харилцаа холбооны ту­хай хуулийн зарим заалтуудыг үн­дэс­лэн иргэн, хуулийн этгээд нь харилцаа холбооны сүлжээгээр вэб сайтын үйлчилгээг эрхлэхтэй хол­богдсон харилцааг зохицуулах” гэ­сэн зорилго бүхий энэ түр журам үнэн хэрэгтээ мэдээллийн портал сай­туудын мэдээ мэдээллийн дор хэрэглэгчийн үлдээдэг сэтгэгдлийг хязгаарлах зорилготой юм.

Орчин цагийн дэлхий нийтийн амьдралын хэм хэмжээ болсон ин­тер­нэтийн сүлжээгүйгээр аль ч улс орны иргэд ажил амьдралаа тө­сөө­лөхөө нэгэнт больж, интернэт ашиглах эрх нь хүний үндсэн эр­хийн нэгэнт тооцогдож, энэ шал­гуураар тухайн улс орны хөгжлийг тодорхойлдог болоод байна.

Сонин, сэтгүүл, телевиз, радио гэсэн уламжлалт мэдээллийн хэ­рэгс­лүүдээс интернэтийн сүлжээ ашиг­лаж мэдээлэл түгээж буй вэб сайтууд нь өмнө хаа ч, хэзээ ч бай­гаагүй амьд холбоог үүсгэж бай­гаагийн нэг нь сэтгэгдэл хэ­мээх хэлбэр юм. Тухайн сайтад нийт­лэгдсэн мэдээ нийтлэлийн дор хэрэг­лэгч өөрийн байр суурийг илэр­хийлэн, бусадтай амьд харил­цаа үүсгэж байгаагаараа Хүний эр­хийн түгээмэл тунхаглал болон улс орон бүрийн Үндсэн хуулийн суурь заалт болох үзэл бодлоо илэрхийлэх эрхээ эдлэх боломжийг олгож байгаа нь юугаар ч сольшгүй эрх чөлөө юм.

“Хориотой жимс амттай”

Монголчуудаас түрүүлэн мэдээл­­лийн портал сайтуудыг ажил­луул­сан улс орнууд мэдээж биднээс өм­нө сэтгэгдэл хэмээх хааж боож ча­дах­гүй зүйлтэй учирсан. Улс ор­нууд тухай бүр нь янз бүрээр сэтгэгдэл хэмээх зүйлтэй тэмцэхийг оролдсоор ирсэн ч үр дүнд хүрсэн нь ховор. Ирсэн сэтгэгдлийг шүүн үзэж боломжтой гэснийг нэвт­рүүлэх, хараалын болон бус­дыг гутаасан үгийг хэрэглэсэн то­хиол­долд тухайн хэрэглэгчийн сэт­гэгдэл сайтад автоматаар нэвтрэх бо­ломж­гүй болгох, эсвэл шууд хаах гэсэн хэлбэрүүдийг дэлхийн улс орнууд өнөөдөр ашиглаж бай­на. Гэхдээ шууд хаах гэсэн хэт туйл­ширсан хувилбарыг сонгосон нь хуруу дарам. Хорьсон, хаасан болгон үр дүнгээ өгдөгсөн бол аль хэдийнэ бүх портал сайтууд сэтгэгдлээ хаачихсан байх нь ойлгомжтой. “Хориотой жимс амттай” хэмээн ярьдаг нь нуусан, хаасан болгоныг нүдээр үзэх, барьж үзэх, амтлах гэсэн хүний төрөлхийн араншингийн илрэл юм.

Монгол сэтгэгдэл  

Мэдээж монгол сэтгэгдэл гэ­сэн томъёолол хаа­на ч байхгүй. Дэлхийн бусад улсын иргэдийн нэгэн адил мон­голчууд өөрсдийн бо­дож са­на­даг, сонссон дуулсан бо­ловч итгэхгүй байгаа, магадгүй сонс­со­ноо үнэн гэдэгт итгэж байгаа тэр үнэ­нийг хэлэхгүй байгаа хүмүүст зо­риулж сэтгэгдэл үлдээх нь бий.

Монголын мэдээллийн сайтын хэрэг­лэгчийг 100 хувь гэж үзвэл эд­гээ­рийн 10 хувьд хүрэхгүй хү­мүүсийн нэр хол­богд­сон мэдээ, нийт­лэлийн дор Харил­цаа холбооны зо­хи­цуулах хорооны “зохицуулах” гээд байгаа сэтгэгдлүүд үлддэг юм. Өөрөөр хэлбэл, өөрсдийгөө улс­төрч хэмээн нэрлэдэг, нэрлэхийг хүсч байгаа цөөн тооны хүмүүстэй хол­­боотой сэтгэгдэл зонхилдог. Уг нь ч зөв шударга хүнийг улайм цайм гүтгэн бичсэн нь өдрийн од мэт байдаг гэдгийг энэ дашрамд хэлээд авахад илүүдэхгүй. Бас “хул­гайч л хулгайчийг бариарай гэж хаш­гир­даг” гэсэн үг байдгийг ч хав­чуу­ла­хад гэмгүй.

Мэдээж зохицуулалт шаард­ла­га­тай газар зохицуулах нь төрийн үүрэг. Гагцхүү зохицуулалт тодор­хой зорилготой байгаа нь анхаарал та­таж байна. “Энэ бол 2012 оны пар­ламентын сонгуулийн угтал” хэ­мээн Харилцаа холбооны зохи­цуулах хороо хүлээн зөвшөөрч бай­г­ааг, мөн энэхүү журам нь Ерөн­хий сайдын захирамжаар хийгдэж бай­гааг ч хэлэх нь зүйтэй. Бас энэхүү жур­мыг сэмхэн баталж, мөрдүүлсэн гэж байгаа. Мөн Харилцаа хол­боо­ны зохицуулах газар тухайн сэт­гэг­дэл хэн нэгнийг доромжилсон гэд­гийг нотлоод тухайн сайтыг түр хугацаагаар хаах мэдэгдэл өгнө гэсэн байгаа. Монгол Улсад хууль зөрчсөнийг тогтоодог нэг л субъект байдаг, тэр нь шүүх гэдгийг мэдэх юм байна.

Энэхүү түр журмыг мэдээллийн портал сайтуудын зүгээс хэрэг­жил­тийг нь түдгэлзүүлэх саналаа Харил­цаа холбооны зохицуулах хо­роонд тавиад байгаа бөгөөд хэр­хэн яаж шийдэгдэх нь одоогоор тодор­хойгүй. Юмыг яаж мэдэхэв төр төмөр нүүрээ харуулна гэвэл өдөр­жин сэтгэгдэл уншиж, бас би­чиж, нэг нэгнийхээ муу муухайг дуу­далц­даг төрийн албан хаагчид аш­гүй нэг ажлаа хийх завтай болох нь.

Тоон дотор үсэг

Төрөөс гөрч байгаа бодлогын бо­лоод хөгжлийн гол гол асуудлууд хөшигний ард, улстөрчдийн ханцуйн дотор явагд­даг болж, үүнийгээ хэвлэлийн бай­гуул­лагуудад мөнгө төлөн амыг нь барьж байгаа энэ үед сайтын сэт­гэгд­эл нь “бодит” мэдээлэл олж авах нэг су­ваг болоод байгаа нь түр журам мэнд­лэх болсон бас нэг шалт­гаан гэж хэлж болно. Өнгөрсөн долдугаар сард Тавантолгойн ордыг ашиглах ту­хай УИХ-ын тогтоолын төсөл бат­лагдахаас сарын өмнөөс хэвлэлүүд энэ тухай ус балгасан мэт дуугай болс­ныг санаж байгаа байх. Хэвлэл мэ­дээл­лээр мэдээлэх бо­лол­цоогүй зүй­л­ээ сэтгэгдлээр тараа­даг жишиг ч бай­гаа. Өөрөөр хэл­бэл, сэтгэгдэл дотор сониныхны “ха­даас” мэдээ цохиж явдаг юм. Түр жу­рам маань хууль болон томорно гэд­гийг ч Харилцаа холбооны зохи­цуулах хорооны удирд­лага нуухгүй, ит­гэлтэй нь аргагүй сэт­гүүлчдэд мэдэг­дэж байгаа нь журмын зорилго юунд чиглэснийг харуулж байна.

Уг мэдээллийн сайтууд өнөөг хүртэл Монгол Улсын хууль тог­тоомж болон сэтгүүл зүйн зарчмын да­гуу ажиллаж, хэрэг­лэг­чийн үүс­гэсэн контент буюу сэт­гэгд­лийг өөрсдийн арга хэлбэрээр зохи­цуулсаар яваа. Яагаад заавал Харил­цаа холбооны зохицуулах хороо үүнд хутгалдан орж, хэвлэлийн эрх чөлөөнд халдахаар зэхэж буйг асуу­­маар байна. Ерөнхий сайдын шууд эрх мэдлийн хүрээнд үйл ажил­лагаагаа явуулдаг Харилцаа хол­бооны зохицуулах хороо нь онцгой статустай хэмээн өөрсдийгөө тодор­хойлж буй. Тухайлбал, “өмчийн бүх төрлийн аж ахуйн нэгж, иргэн харил­­цаа холбооны зах зээлд үр ашигтай, шударга өрсөлдөх нөх­цө­лийг бүрдүүлэх, тусгай зөв­шөө­рөл олгох, мэргэжлийн дүгнэлт, зөв­­лөмж, шийдвэр гаргах үүрэг бү­хий байгууллага мөн” гээд “Ха­рил­цаа холбооны зохицуулах хо­роо­ны үндсэн зорилго нь Хууль тог­тоомжийг хэрэгжүүлэх, харилцаа хол­бооны талаар төрөөс баримталж бай­гаа бодлогын хэрэгжилтийг зо­хион байгуулах, тусгай зөвшөөрөл ол­гох, түүнийг түдгэлзүүлэх, хү­чин­гүй болгох, радио дав­там­жийн зурвасыг хуваарилах, ду­гаар­лалтын нэгдсэн төлөвлөгөө бо­ловс­руулж хэрэгжүүлэх, үйлч­лэгч, хэрэглэгчдийн эрх аш­гийг тэнцвэртэй хамгаалах, бүх нийтийн үйлчилгээний үүргийн хэрэгжилтийг хангуулах, үйлчлэгчийн шударга өрсөлдөх нөхцөлийг бүрдүүлэхэд оршино” хэмээн байгууллагынхаа сайтад танилцуулсан байх юм.

Д.НАРАНТУЯА

No comments:

Post a Comment